Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт) Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд гал тогооны хэрэгсэл, хөнжил, гудас, ор дэрний болон ариун цэврийн хэрэглэл, хичээлийн хэрэгсэл зэргийг хандивлах боллоо. Энэхүү хандив нь жил бүр гудамжинд гарсан 1500 гаруй гэр оронгүй хүүхдүүдэд анхаарал халамж үзүүлдэг төвийн үйл ажиллагааг сайжруулах юм.
Нийт 9,822,000 төгрөг($7,611)-ийн үнэ бүхий 100 литрын хоолны тогоо, гал тогооны зориулалтын хөргөгч, тавин хүүхдийн хөнжил, гудас, орны даавуу, ариун цэврийн хэрэглэл (оо, шүдний сойз, саван, алчуур) хичээлийн хэрэгсэл (дэвтэр, пламастер, зургийн дэвтэр, өнгийн харандаа), хоёр самбар зэргийг хандивлалаа.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүжигддэг бөгөөд энэхүү төслийн санхүүжилт нь дэлхийн олон улс оронд буй сүмийн гишүүдийн хандиваар бүрддэг.
Хандивлах ёслолын үйл ажиллагаан дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн залуус төвийн хүүхдүүдэд зориулж тоглоом гардуулан өгч, мөн сүмийн гишүүд 50 ширхэг хүүхдийн хуучин гутал хандивлав.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр тус төвийн зорилго нь хүүхдүүд сурч боловсорч, биеэ дааж сурч, ирээдүйд гэр бүл үүсгэж, нийгэмд идэвхтэй сайн иргэд болж төлөвших орчинг хүүхдүүдэд бий болгоход оршиж байгаа юм.
No comments:
Post a Comment